Сүүлийн жилүүдэд блокчейн технологи нь эрүүл мэнд зэрэг янз бүрийн салбарын анхаарлыг улам татсаар байна. Анх криптовалютад зориулан бүтээгдсэн блокчейн нь өгөгдлийг хадгалах, дамжуулах өвөрмөц шийдлийг санал болгодгоороо эрүүл мэндийн  мэдээллийн аюулгүй байдал, хандалтыг мэдэгдэхүйц сайжруулж чадна. Эрүүлийг хамгаалах салбарт блокчейн ашиглахын гол давуу тал, эрүүл мэндийн мэдээллийг хадгалах, солилцох системд үзүүлэх нөлөөг нь авч үзье.

Блокчейн гэж юу вэ?

Блокчейн гэдэг нь гүйлгээний тухай мэдээллийг агуулсан блокийн гинжин хэлхээнээс бүрдэх хуваарилалттай өгөгдлийн сан юм. Эдгээр блок нь криптографийн аргыг ашиглан хоорондоо холбогддог нь өндөр түвшний аюулгүй байдлаар хангадаг. Мэдээлэл төвлөрсөн байдлаар хадгалагддаг уламжлалт өгөгдлийн сангаас ялгаатай нь блокчейн олон цэгт тархсан тул халдлага, тасалдалд тэсвэртэй байдаг.

Эрүүлийг хамгаалах салбарт блокчейнийг хэрхэн, хэзээ ашиглаж эхэлсэн бэ?

Эхний алхмууд (2015-2017 он)

Эрүүлийг салбарт блокчейн ашиглах анхны туршилтуудыг 2015 онд хийж эхэлсэн. Эхний төслүүдийн нэг нь Массачусетсийн Технологийн Институт (MIT) дээр боловсруулсан MedRec байв. Тус төсөл нь эмнэлгийн бүртгэлийг хадгалах, удирдахад блокчейг ашиглахыг санал болгосноор өвчтөнд өгөгдөлд нь хэн хандахыг хянах, эмнэлгийн байгууллагууд хооронд аюулгүй, ил тод мэдээлэл солилцох боломжийг олгосон.

2016 онд эрүүл мэндийн хяналт, эрүүл мэндийн мэдээллийн удирдлагад блокчейн хэрэглэхийг судлах зорилгоор Healthcoin консорциум байгуулагдсан. Анхдагч эдгээр төсөл нь эрүүлийг хамгаалах салбарт блокчейн технологийг хэрэглэх талаарх цаашдын судалгаа, хөгжлийн үндэс болсон юм.

Хэрэглээг тэлсэн нь (2018–2020)

2018 оноос эрүүлийг хамгаалах салбарт блокчейн ашиглах сонирхол мэдэгдэхүйц нэмэгдсэн. Энэ хугацаанд өгөгдлийн аюулгүй байдал, эмийн хяналт, эмнэлзүйн туршилт удирдах зэрэг анагаахын салбарын тодорхой сорилтыг шийдвэрлэх шинэ гарааны бизнес, санаачилга гарч ирэв.

Тухайлбал, Chronicled төслийн хүрээнд эмийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гинжин хэлхээг хянах платформ боловсруулсан нь хуурамч эмээс урьдчилан сэргийлэх, жинхэнэ эсэхийг нь баталгаажуулах боломжийг олгосон. Бусад компани блокчейнийг баталгаажуулах, зөвшөөрөл олгох дэд бүтэц болгон ашиглах замаар байгууллагын хооронд эрүүл мэндийн мэдээлэл аюулгүй солилцох шийдлийг боловсруулж эхэлсэн.

Блокчейн ба эрүүлийг хамгаалах  одоо: компани, жишээ ба кейс

Жилээс жилд эрүүл мэндийн мэдээллийг хадгалах, удирдах салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинэ төсөл улам олноор гарч ирж байна. Одоо байгаа сорилтуудыг үл харгалзан блокчейн нь эрүүл мэндийн мэдээллийн аюулгүй, ил тод, хүртээмжит байдлыг мэдэгдэхүйц сайжруулах боломжтой нь эцсийн дүндээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, олон нийтийн эрүүл мэндийг сайжруулахад хүргэж болно. 2024 онд олон компани, гарааны бизнес өгөгдлийн аюулгүй байдал, нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлага, эмнэлзүйн туршилт болон эмнэлгийн практикийн бусад талтай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр блокчейнийг идэвхтэй нэвтрүүлж байна.

IBM Watson Health нь эрүүлийг хамгаалах салбарт үр дүнтэй, аюулгүй байдлыг сайжруулахаар блокчейн идэвхтэй ашигладаг IBM-ийн тасаг юм. Төслүүдийн нэг нь байгууллагуудын хооронд эрүүл мэндийн мэдээлэл солилцох ажлыг хялбарчлах зорилготой IBM Blockchain for Health юм. 

IBM нь өвчтөн эрүүл мэндийн мэдээлэлд нь хэн хандахыг хянах боломжтой платформ бүтээхээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчид, судалгааны төвүүдтэй хамтран ажиллаж байна. Тус санаачилга нь өгөгдлийн нууцлалыг баталгаажуулж, өөр өөр системийн хоорондох харилцан үйлчлэлийг хялбаршуулдаг.

Solve.Care нь өвчтөний хөтөлбөрийг удирдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зохион байгуулах зэрэг эрүүлийг хамгаалах үйл явцыг удирдахад блокчейн ашигладаг платформ юм. Тус платформ нь эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, өвчтөн ба эмнэлгийн байгууллагын хоорондох харилцааг хялбарчлахад чиглэдэг. Уг компани нь блокчейн технологийг ашиглан өвчтөнд эмчийн цаг товлох, шинжилгээний тухай сануулга авах, эрүүл мэндээ хянахад тусалдаг системийг хөгжүүлсэн нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний илүү зохион байгуулалттай, үр ашигтай системийг үүсгэх боломжийг олгосон.

Gem Health нь блокчейн ашиглан эрүүл мэндийн мэдээллийг аюулгүй солилцох шийдлийг боловсруулдаг гарааны бизнес юм. Энэ нь өгөгдлийн аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулах, янз бүрийн эрүүл мэндийн байгууллага ба үйлчилгээ үзүүлэгчийн хоорондох харилцааг хялбарчлах зорилготой.

Тус платформ нь өвчтөнд эмнэлгийн бүртгэлээ төвлөрсөн бус сүлжээнд хадгалах, удирдах боломжийг олгож, аюулгүй байдал, өгөгдөлд хандах хяналтаар хангадаг. Ийм шийдэл нь эмч, эмнэлгийн хооронд мэдээлэл солилцох үйл явцыг хялбарчлахад тусалдаг.

2024 онд блокчейн технологи нь эрүүлийг хамгаалах салбарт идэвхтэй нэвтэрсээр буй бөгөөд олон компани эрүүл мэндийн мэдээллийн аюулгүй байдал, үр дүнтэй байдал, хүртээмжийг сайжруулах инновацын шийдлийг боловсруулж байна. Дээр дурдсан жишээнүүд нь блокчейн эрүүл мэндийн тусламж өвчтөн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн хоорондын харилцааг сайжруулж, эрүүл мэндийн мэдээллийг удирдах арга замыг хэрхэн өөрчилж болохыг харуулж байна. Уг технологийг сонирхох сонирхол нэмэгдэж буйг харгалзаж үзвэл ирээдүйд эрүүлийг хамгаалах салбарын өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах олон тохиолдол, санаачилга гарна гэж хүлээж байна.

Эрүүлийг хамгаалах салбарт блокчейний авчрах ашиг тус

Блокчейний гол давуу талуудын нэг нь мэдээллийн аюулгүй байдлыг өндөр түвшинд хангах чадвар юм. Гинжин хэлхээ дэх блок бүр нь криптограф хэшээр хамгаалагдсан тул сүлжээний бүх оролцогчийн зөвшөөрөлгүйгээр түүнийг өөрчлөх бараг боломжгүй. Энэ нь эрүүл мэндийн мэдээллийг задруулах эсвэл хуурамчаар үйлдэх нь өвчтөний хувьд ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд онцгой ач холбогдолтой юм. Блокчейн нь  өвчтөн эрүүл мэндийн мэдээлэлд нь хандах хандалтыг хянах боломжтой мэдээллийн удирдлагын төвлөрсөн бус системийг үүсгэх боломжийг олгодог. Энэ нь өвчтөн зөвхөн итгэдэг эрүүл мэндийн мэргэжилтэнтэйгээ мэдээллээ хуваалцаж, нууцлал, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх боломжтой гэсэн үг юм.

Блокчейний хэрэглээ янз бүрийн байгууллагын хоорондох эрүүл мэндийн мэдээлэл солилцох нэгдсэн платформыг үүсгэх боломжийг олгодог. Энэ нь эмнэлгийн мэргэжилтнүүдэд өвчтөний тухай шаардлагатай мэдээллийг бодит хугацаанд авах боломжийг олгох тул эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг мэдэгдэхүйц сайжруулж, оношилгоо, эмчилгээний хугацааг багасгах боломжтой.

Бүх гүйлгээг нийтийн бүртгэлд бүртгэж, хадгалдаг тул блокчейн нь залилантай тэмцэхэд мөн тусалж болно. Энэ нь өгөгдлийн өөрчлөлтийг хянах, сэжигтэй үйл ажиллагааг тодорхойлох боломжийг олгоно. Жишээлбэл, эмийн хуурамч жор эсвэл эмнэлгийн тусламж үйлчилгээг урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх боломжтой.

Блокчейн нь даатгалын хүсэлтийг боловсруулах, эмнэлзүйн туршилтыг удирдах зэрэг олон үйл явцыг автоматжуулах боломжтой. Ухаалаг гэрээний тусламжтайгаар (блокчейн дээр ажилладаг автомат программ) янз бүрийн талын хоорондох харилцан үйлчлэлийг ихээхэн хялбарчилж, өгөгдөл боловсруулах зардал, хугацааг багасгаж болно.

Блокчейнийг эрүүлийг хамгаалах салбарт нэвтрүүлэх нь эрүүл мэндийн мэдээллийн аюулгүй байдал, хүртээмж, чанарыг сайжруулах шинэ боломжийг нээж байна. Тус технологи нь өгөгдөл хадгалах төвлөрсөн системтэй холбоотой олон асуудлыг шийдэж, өвчтөнд эрүүл мэндийн мэдээллээ илүү хянах боломжийг олгодог.