Сүүлийн жилүүдэд блокчейн технологи нь янз бүрийн салбарын анхаарлыг ихээхэн татаж буй бөгөөд ложистик ч үүнэс дутаагүй. Түүхий эд нийлүүлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэл олон оролцогчдыг хамарсан нийлүүлэлтийн цогц гинжин хэлхээ нь өндөр ил тод, найдвартай байдлыг шаарддаг. Блокчейн нь эдгээр үйл явцын үр дүнтэй, ил тод байдлыг мэдэгдэхүйц сайжруулах шийдлийг санал болгодог. Энэ нийтлэлд бид блокчейний ложистикийг хэрхэн өөрчилдөг, авчрах давуу талыг авч үзнэ.
Ил тод ба хянах боломжтой байдал
Блокчейний гол давуу талуудын нэг нь нийлүүлэлтийн гинжин хэлхээний бүх үе шатанд ил тод байдлыг хангах чадвар юм. Гүйлгээ бүр блокчейнд бүртгэгдэж, сүлжээний бүх оролцогчийн хувьд боломжтой болох бөгөөд энэ нь барааны хөдөлгөөнийг бодит хугацаанд хянах боломжийг олгодог. Энэ нь өндөр нэмүү өртөгтэй бүтээгдэхүүн эсвэл хоол хүнс, эм гэх мэт чанарын хатуу стандарт шаарддаг бүтээгдэхүүний хувьд онц чухал юм.
Блокчейний тусламжтайгаар компаниуд өөрсдийн бүтээгдэхүүний жинхэнэ эсэхийг хялбархан баталж, худалдан авагчид чанарт нь итгэлтэй байх боломжтой. Жишээлбэл, хэрэглэгч авокадогийн фермээс дэлгүүр хүртэлх замыг хянаж, шаардлагатай бүх шалгалтыг давж, зөрчилгүй хүргэгдсэн эсэхийг хянах боломжтой.
Тухайлбал, дэлхийн хамгийн том жижиглэн худалдаачдын нэг Walmart хүнсний бүтээгдэхүүний хянах боломжтой байдлыг сайжруулах зорилгоор блокчейн ашигладаг. Тус компани нь Hyperledger Fabric технологийг ашиглан фермээс дэлгүүрийн тавиур хүртэл бүтээгдэхүүнийг хянах боломжийг олгодог системийг бүтээсэн аж. Энэ нь нийлүүлэлтийн гинжин хэлхээний ил тод байдлыг нэмэгдүүлээд зогсохгүй бохирдол эсвэл өөр бусад аюул илэрсэн тохиолдолд асуудлын эх үүсвэрийг хянаж мөрдөх хугацааг мэдэгдэхүйц багасгадаг. Үр дүнд нь Walmart компани бүтээгдэхүүн хянах хугацааг долоо хоногоос хоёр секунд болгон бууруулж чадсан нь бүтээгдэхүүний аюулгүй байдалд гарсан томоохон ахиц юм.
Зуучлагчдыг арилгана
Блокчейн нь нийлүүлэлтийн гинжин хэлхээн дэх зуучлагчдын тоог багасгах боломжийг олгодог. Уламжлал ёсоор гүйлгээг баталгаажуулах, баримт бичгийг шалгах зэрэг олон үйл явц нь гуравдагч этгээдийн оролцоог шаарддаг нь зардал, цаг хугацааг нэмэгдүүлдэг. Төвлөрсөн бус технологийн тусламжтайгаар бүх оролцогч шууд харилцан үйлчлэх боломжтой бөгөөд энэ нь үйл явцыг ихээхэн хурдасгаж, зардлыг бууруулдаг. Жишээлбэл, компани төлбөрөө баталгаажуулахын тулд банктай холбоо барихын оронд тохиролцооны нөхцөлийг хангасны дараа автоматаар гүйцэтгэдэг ухаалаг гэрээ ашиглах боломжтой. Энэ нь эрсдэлийг багасгах, оролцогчдын хоорондын итгэлцлийг нэмэгдүүлэх боломжийг олгодог.
Нийлүүлэлтийн гинжин хэлхээн дэх зуучлагчдын тоог бууруулж буйгийн нэг жишээ бол IBM-тэй хамтран ажиллаж, блокчейнд суурилсан TradeLens платформыг хөгжүүлсэн дэлхийн чингэлэг тээврийн тэргүүлэгч компани болох Maersk юм. Энэ платформ нь нийлүүлэлтийн гинжин хэлхээний оролцогчдод (ачаа илгээгч, порт ба тээвэрлэгч) ачааны мэдээллийг бодит хугацаанд солилцох боломжийг олгодог. TradeLens нь мэдээллийн ил тод, найдвартай байдлыг хангадаг нь залилан мэхлэх магадлалыг бууруулж, ачаа боловсруулах үйл явцыг хурдасгадаг. Уг платформ нь аль хэдийн 175 гаруй порт, терминалтай нэгтгэгдсэн нь ложистикийн хамгийн том блокчейн төслүүдийн нэг болгодог.
Аюулгүй байдал нэмэгдэж, эрсдэл буурна
Блокчейн нь төвлөрсөн бус шинж чанарынхаа ачаар мэдээллийн аюулгүй байдлыг өндөр түвшинд хангадаг. Блокчейн дэх бүртгэл бүр нь криптографийн аргаар хамгаалагдсан тул түүнийг хуурамчаар үйлдэх бараг боломжгүй. Энэ нь баримт бичиг, өгөгдлийг хуурамчаар үйлдэх нь ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй ложистикийн салбарт онц чухал юм.
Үүнээс гадна блокчейн нь бараа алдах, гэмтэхтэй холбоотой эрсдэлийг багасгах боломжийг олгодог. Бодит цагт хянах систем нь саатал, гэмтэл зэрэг асуудалд хурдан хариу үйлдэл үзүүлэх боломжийг олгодог нь ноцтой алдагдлаас зайлсхийхэд тусалдаг.
Дэлхийн хамгийн том хүргэлт шуудангийн компаниудын нэг болох FedEx нь ложистикийн үйл явцынхаа үр ашгийг дээшлүүлэхийн тулд блокчейн ашиглаж байна. Тус компани нь илгээмжийг хянах, баримт бичиг удирдах технологийг бодит цагт ашиглах боломжийг судалж байна. Блокчейн нь ачааны шилжилт хөдөлгөөний үе шат бүрийг хуурамчаар үйлдэхээс хамгаалсан ганц бүртгэл үүсгэх боломжийг олгодог нь хянах үйл явцыг хялбарчилж, алдагдлын эрсдэлийг бууруулдаг. Блокчейн ашиглан FedEx нь илгээмжийнх нь төлөв байдлын тухай хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авах боломжийг олгох замаар харилцагчилтай харилцан үйлчлэх явцыг сайжруулахаар төлөвлөж байна.
Coca-Cola компани ч мөн нийлүүлэлтийн гинжин хэлхээгээ оновчтой болгож, ханган нийлүүлэгчидтэй харилцан үйлчлэх явцын ил тод байдлыг нэмэгдүүлэхийн тулд блокчейн ашиглаж байна. Тус технологийг ашиглан компани нь түүхий эдийн эх үүсвэрийг хянаж, үйлдвэрлэлийн үе шат бүрийн үйл явцыг ажиглах боломжтой. Энэ нь бүтээгдэхүүний чанарыг сайжруулаад зогсохгүй тогтвортой хөгжлийн стандартад нийцэжхийг баталгаажуулах юм. Блокчейн нь Coca-Cola компанид хэрэглэгчдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд тусалж буй буюу учир нь хэрэглэгчид худалдан авч буй бүтээгдэхүүн нь өндөр чанартай, ёс зүйтэй гэдэгт итгэлтэй байж болно.
Үйл явцыг оновчтой болгох, нөөц бараа материалын менежмент
Блокчейн нь нөөц бараа материалын менежмент, ложистикийн үйл явцыг мэдэгдэхүйц сайжруулж чадна. Төвлөрсөн бус системийн тусламжтайгаар компани нөөц бараа материалынхаа төлөв байдал, барааны хэрэгцээний тухай хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авах боломжтой. Энэ нь илүүдэл, хомсдлоос зайлсхийх, нөөц бараа материалыг оновчтой болгох боломжийг олгоно. Үүнээс гадна блокейнийг юмсын интернют (IoT) зэрэг бусад технологитой нэгтгэх нь үйл явцыг автоматжуулах хүчирхэг системийг бий болгож чадна. Тухайлбал, чингэлэгт суурилуулсан мэдрэгч нь температур, чийгшлийн мэдээллийг бодит хугацаанд дамжуулах, мэдээллийг блокчейнд автоматаар бүртгэж, ил тод байдал, хяналтыг бүрэн хангах боломжтой.
Жишээлбэл, Provenance (барааны гарал үүслийг хянахдаа блокчэйн ашигладаг гарааны бизнес) үйлдвэрлэгч, брэндэд үйлдвэрлэлийн үйл явц, хөдөлмөрийн нөхцөл, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн тухай мэдээллийг баримтжуулах, хуваалцах боломжийг олгодог платформыг ашигладаг. Энэ нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүний хаанаас ирсэн, хэрхэн хийгдсэнийг харах боломжийг олгодог нь илүү мэдээлэлтэй сонголт хийхэд нөлөөлдөг. Блокчейн нь мэдээллийн хуурамч бус байдлыг баталгаажуулдаг нь ил тод байдлыг эрэлхийлдэг брэндийн хувьд онцгой ач холбогдолтой юм.
Ложистик дахь блокчейний ирээдүй
Бүх давуу талыг үл харгалзан ложистикт блокчейнийг нэвтрүүлэх нь тодорхой сорилттой тулгардаг. Стандартчилал, одоо байгаа системтэй нэгтгэх, боловсон хүчнийг сургах шаардлага нь эдгээрийн цөөн нь юм. Гэвч олон компани энэ технологийн чадамжийг аль хэдийн ухамсарлаж эхэлж, түүнийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийж байна.
Блокчейн нь ложистик болон нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежментийн орчныг эрс өөрчлөх чадвартай хүчирхэг хэрэгсэл юм. Ил тод байдлыг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах, үйл явцыг оновчтой болгох бүхэн нь блокчейнийг үр ашиг, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийг эрэлхийлж буй компанийн хувьд сонирхол татахуйц шийдэл болгодог. Тус технологийг нэвтрүүлснээр ямар нэг бизнес өнөөдөр үр өгөөжөө аваад зогсохгүй амжилттай ирээдүйнхээ суурийг тавьж байгаа юм.