Сүүлийн жилүүдэд урлагийн болон технологийн ертөнц харилцан үл орлогдох токен буюу NFT (англ. Non-Fungible Tokens) хэмээх хувьсгалт үзэгдэлтэй нүүр тулсан. Анх NFT нь үндсэндээ дижитал урлагтай холбоотой байсан ч тэдний боломж бололцоо уран сайхны салбарын хүрээнээс хол давсан байдаг. NFT нь бид дижитал хөрөнгийг төдийгүй өмчийн эрхийн концепцийг хэрхэн хүлээн авч, үнэлж буйг өөрчлөх боломжтой.

NFT гэж юу вэ?

NFT гэдэг нь блокчейн технологийн тусламжтайгаар тодорхой объект эсвэл контент эзэмших эрхийг баталгаажуулдаг онцгой давтагдашгүй дижитал хөрөнгө юм. Биткоин эсвэл доллар зэрэг харилцан орлогдох боломжтой токеноос ялгаатай нь NFT тус бүр онцгой давтагдашгүй байдаг бөгөөд түүнийг ижил зэрэглэлийн өөр токеноор орлуулах боломжгүй. Энэ нь түүнийг дижитал урлаг, хөгжим, видео тоглоом, тэр ч байтугай виртуал үл хөдлөх хөрөнгө гэх мэт онцгой объектуудыг танилцуулахад маш тохиромжтой болгодог.

Харилцан үл орлогдох токен цуглуулагчид, хөрөнгө оруулагчид болон алдартай хүмүүсийн анхаарлыг татаж, дижитал хөрөнгийн зах зээлд аль хэдийн гайхалтай нэр алдартай болсон. Дуудлага худалдаа болон хувийн хэлцлээр худалдагдсан хамгийн үнэтэй зарим NFT-г танилцуулъя:

Everydays: Beeple-ийн The First 5000 Days

Үнэ: 69,3 сая $ 

Худалдагдсан өдөр: 2021 оны 3-р сар 

Энэхүү дижитал бүтээл нь зураачийн 13 гаруй жилийн турш өдөр бүр бүтээсэн 5000 дүрс зургийн эвлүүлэг юм. Тус бүтээл Christie’s платформ дээр борлуулагдсан бөгөөд түүний үнэ тухайн үед NFT-ийн хамгийн өндөр үнийн нэг болсон.

CryptoPunk 3100 

Үнэ: 7,6 сая $ 

Худалдагдсан өдөр: 2021 оны 3-р сар 

Punk 7804-тай мөн адил энэ токен нь CryptoPunks цуглуулгын нэгэн хэсэг бөгөөд толгой дээрээ боолттой “сагсан бөмбөгийн” ховор баатрыг харуулсан байдаг.

Beeple-ийн Crossroads

Үнэ: 6,6 сая $ 

Худалдагдсан өдөр: 2021 оны 2-р сар 

Энэхүү хөдөлгөөнт зургийн уран бүтээлийг 2020 оны АНУ-ын сонгуулийн үр дүнгийн хариу болгож бүтээсэн. Тус бүтээл нь сонгуульд хэн ялахаас шалтгаалж өөрчлөгддөг хэд хэдэн дүр зураг агуулсан байдаг.

Эдгээр жишээнүүд нь NFT урлаг болон цуглуулгын шинэ хэлбэр болох төлөвтэй байгааг харуулаад зогсохгүй хөрөнгө оруулагчид болон цуглуулагчид онцгой давтагдашгүй дижитал хөрөнгийг ихээхэн сонирхож буйг харуулж байна. Шинэ төсөл гарах ба борлуулалт хийгдэх тусам NFT-ийн зах зээл улам хөгжих бөгөөд ирээдүйд шинэ дээд амжилт тогтоох боломжтой юм.

Дижитал хөрөнгийн эрин үеийн өмчийн эрх

Өмчийн уламжлалт эрх нь үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ эсвэл худалдах, худалдан авах гэрээ гэх мэт өмчлөлийг баталгаажуулах бичиг баримттай байхыг шаарддаг. Харин NFT-ийн хувьд өмчийн эрхийг блокчейнд хийгдсэн бичилтээр баталгаажуулдаг бөгөөд энэ нь үйл явцыг илүү ил тод болгож, хуурамчаар үйлдэхээс хамгаалдаг. Гүйлгээ тус бүрийг бүртгэдэг бөгөөд хүссэн хүн бүр токены эзэмшлийн түүхийг харах боломжтой байдаг.

Эрхийн эзэмшигчийн хувьд эдлэх NFT-ийн давуу талууд

  1. Ил тод, аюулгүй байдал

Блокчейн нь уламжлалт системд хүрэхэд хэцүү байдаг өндөр зэрэглэлийн ил тод байдлыг хангадаг. Бүх гүйлгээг нээлттэй бүртгэлд бүртгэдэг нь хэрэглэгч бүрд өмчийн эрхийг шалгах боломжийг олгодог.

  1. Автоматжуулалт ба ухаалаг гэрээ

NFT нь хэлцлийн нөхцөлийн гүйцэтгэлийг автоматжуулдаг ухаалаг гэрээг өөртөө багтаасан байж болно. Жишээлбэл, зураач уран бүтээлээ дахин борлуулах тохиолдолд эрхийн шимтгэл авах нөхцөл тогтоож, дараа дараагийн борлуулалт тутмаас хувь авах боломжтой.

  1. Орлого олох шинэ боломжууд

NFT контент бүтээгчдэд шинэ боломжуудыг нээдэг. Хөгжимчид, зураачид, зохиогчид уламжлалт зуучлагчийн бүтцийн алгасан уран бүтээлээ шууд борлуулах боломжтой.

Зөвхөн урлаг төдийгүй

NFT нь анх дижитал урлагийн борлуулалтын арга болж анхаарал татсан хэдий ч тэднийг хэрэглэх хүрээ хамаагүй илүү өргөн байдаг. Хэд хэдэн жишээ авч үзье:

NFT-г хөгжимд ашиглах боломж

Хөгжмийн салбар бага хэмжээний эрхийн шимтгэлийн орлого ба дамжуулах сервисүүдийн төвөгтэй харилцааны улмаас удаан хугацааны турш зовдог байсан. NFT нь хөгжимчдөд уран бүтээлүүдээ хянах ба хөдөлмөрийнхөө төлөө шударга хөлс хүртэхийг санал болгодог. Жишээлбэл, хөгжимчид NFT хэлбэрээр онцгой цомог гаргах боломжтой бөгөөд энэ нь тэдэнд уран бүтээлээ хөгжөөн дэмжигчдэдээ шууд борлуулах боломжийг олгодог.

Жишээлбэл, Kings of Leon нь NFT хэлбэртэй цомог гаргасан анхны хамтлаг болсон. Тэдний When You See Yourself хэмээх бүтээл нь дижитал зураг, тоглолтын тасалбар гэх мэт онцгой эрхийн контент авах боломжийг өгдөг онцгой токенуудыг хөгжөөн дэмжигчдэд санал болгосон. Харин Grimes хамтлаг 6 гаруй сая $-ийн үнэтэй хөгжмийн трек, дүрслэх уран бүтээлийг багтаасан цуврал NFT-г борлуулсан. Энэ нь хөгжимчид онцгой санал бий болгох, сонсогчидтойгоо харилцахдаа NFT-г ашиглах боломжтой гэдгийг харуулсан.

Үл хөдлөх хөрөнгийн токенжуулалт

Токенжуулалт гэдэг нь үл хөдлөх хөрөнгө зэрэг биет хөрөнгийг блокчейн дэх дижитал токен болгох хувиргах үйл явц юм. Энэ нь хөрөнгө оруулагчдад үл хөдлөх хөрөнгийн объектыг бүхэлд нь биш, харин тодорхой хувь хэсгийг худалдаж авах боломжийг олгож, тэдэнд шинэ боломжуудыг нээдэг. Ийм хандлага нь зах зээлд нэвтрэх босгыг бууруулж, хөрөнгө оруулалтыг илүү хүртээмжтэй болгодог.

Propy гэдэг нь үл хөдлөх хөрөнгийг борлуулахад NFT-г аль хэдийн ашигладаг болсон платформ юм. Тус платформ нь худалдан авагчдад токеноор дамжуулан үл хөдлөх хөрөнгө худалдаж авах боломжийг олгодог нь хэлцлийн үйл явцыг хялбарчилж, түүнийг илүү ил тод болгодог. NFT-г үл хөдлөх хөрөнгийг токенжуулахад ашигладаг RealT хэмээх бас нэг платформыг жишээ болгон танилцуулж болно. Хөрөнгө оруулагчид үл хөдлөх хөрөнгийн объектын тодорхой хувь хэсгийг худалдаж аваад, оруулсан хөрөнгө оруулалттайгаа тэнцэх хэмжээний түрээсийн орлого олох боломжтой.

Зохиогчийн эрхийн хамгаалалт

NFT нь оюуны өмчийг хамгаалах хүчирхэг хэрэгсэл болох боломжтой. Блокчейн нь ил тод ба өөрчлөгдөшгүй байдлыг хангадаг бөгөөд энэ нь түүнийг уран бүтээлийг эрхийг бүртгэх төгс хэрэгсэл болгодог. Уран бүтээлчид бүтээлдээ NFT гаргаж, зохиогчийн эрхээ баталгаажуулж, ашиг сонирхлоо хамгаалж болно.

Authorship гэдэг нь уран бүтээлээ NFT хэлбэрээр бүртгүүлэх боломжийг олгодог платформ юм. Энэ нь тэдэнд ашиг сонирхлоо хамгаалж, дараа дараагийн борлуулалтаас эрхийн шимтгэл авах боломжийг хангадаг. Харин KODAKOne сервис зургийн эрхийг хамгаалахын тулд блокчейнийг ашигладаг. Зурагчид бүтээлээ NFT хэлбэрээр бүртгүүлэх боломжтой нь тэднийг контентоо ашиглуулсны төлөө урамшуулал хүртэх боломжтой болгодог.

Асуудлууд ба сорилтууд

Хэдий олон давуу талтай ч гэсэн NFT-д олон асуудал тулгардаг. Хамгийн гол асуудлуудын нэг нь эрх зүйн тодорхой бус байдал юм. Технологи хууль тогтоомжоос илүү хурдан хөгждөг учраас өмчийн эрх, зохиогчийн эрх ба татварын тухай олон асуудал нээлттэй хэвээр үлдсээр байна. Түүнчлэн зохих бус этгээдүүд хуурамч NFT үүсгэх эсвэл контент хулгайлах гэх мэт залилан гаргах эрсдэл бий.

NFT бол дижитал урлагийн ертөнцийн зүгээр нэг чиг хандлага биш, харин өмчийн эрхийн концепцийн суурь өөрчлөлт юм. NFT нь хөрөнгө эзэмших ба арилжаалах ил тод, аюулгүй, үр дүнтэй аргуудыг санал болгож, бүтээгчид болон хэрэглэгчдэд шинэ боломжуудыг нээдэг. Технологи хөгжиж, амьдралын төрөл бүрийн салбарт илүү өргөн нэвтрэхийн хэрээр дижитал эрин үед өмчлөлийн талаарх бидний ойлголтыг өөрчлөх шинэ арга барил болон шийдлүүд бий болно гэдгийг ойлгох нь чухал.

Жил ирэх тусам NFT амьдралын олон салбарт улам гүнзгий нэвтэрч байгааг бид ажиглаж байгаа бөгөөд тус чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна. Токенжуулалт ба төвлөрсөн бус платформын салбарын инноваци нь шинэ боломжуудыг нээх, контентын өмчлөл ба эрхийн уламжлалт хандлагыг өөрчлөхөд дэмжлэг үзүүлнэ. NFT тоглоомын дүрмийг аль хэдийн өөрчилсөн бөгөөд тус технологи дээр суурилсан ирээдүй гайхамшигтай байх төлөвтэй байна.